Зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчилнэ

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

      БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх уулзалтад МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Б.Даваажаргал,  Эрүүл мэндийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Гантулга, БНХАУ-ын Улаан Загалмайн сангийн дэд тэргүүн Лью Шуангуо, БНХАУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгийн Гадаад харилцааны хэлтсийн олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Хаи Лиман, БНХАУ-ын Улаан Загалмайн сангийн ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Жоу Кунчин,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмайн Гамшгийн тусламжийн хэлтсийн захирал Ли Шин нар оролцож ярилцлаа.

      Н.Болормаа хэлэхдээ, манай оронд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзүүлэх эмчилгээ үйлчилгээ нэн шаардлагатай. Тиймээс МУЗН үндэсний хүмүүнлэгийн байгууллагын хувьд эмчилгээ, үйлчилгээ авч чадахгүй буй иргэддээ туслах, зуучлахад үүргээ биелүүлэх ёстой. Бид Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудтай холбох, зуучлах, хяналт тавих чиглэлээр энэхүү төсөлд хамтран ажиллахад бэлэн байна гэв.

      БНХАУ “нэг бүс- нэг зам” хэмээх төрийн бодлогын хүрээнд бусад орнуудад  хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ замын дагуух 10 гаруй улс оронд эрүүл мэндийн чиглэлээр тусламж үзүүлэхээр зорьж байгаа. Өнөөдөр БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал сайн байгаа учраас “нэг бүс- нэг зам” хэмээх бодлогын хүрээнд улс орнуудад туслах санаачлага гаргаж, Улаан загалмайн байгууллагаараа дамжуулан эрүүл мэндийн тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэсэн.

      Бид өнгөрсөн 10 гаруй  жилийн турш 120 мянган төрөлхийн гажигтай хүүхдүүдэд эмчилгээ хийсэн. Хоёр орны Улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлэхэд таатай байна гэж БНХАУ-ын Улаан Загалмайн сангийн дэд тэргүүн Лью Шуангуо хэлсэн байна.

      Төслийн хэрэгжүүлэхийн тулд Нэгдсэн гуравдугаар эмнэлэг, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч мэргэжилтнүүдтэй  уулзаад хамтын ажиллагааны гурвалсан гэрээ байгуулахаар тохирлоо. Эхний ээлжинд төрөлхийн зүрхний гажигтай 20 хүүхдийг энэ ондоо багтаж БНХАУ-д хүлээн авч, үнэ төлбөргүй эмчлэх юм.