Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэе

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Олны хүч оломгүй далай” чуулга уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулсан юм.

Жил бүрийн 5 дугаар сарын 8 бол Дэлхийн хүмүүнлэгийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Монгол Улсын Засгийн газар 2011 онд энэхүү өдрийг Үндэсний хүмүүнлэгийн өдөр хэмээн тэмдэглэж байх тогтоолыг гаргасан.  

Энэ жил   Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос  “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэхийн төлөө нэгдэцгээе” уриалгыг дэлхий дахинд гаргасан юм.

       Энэхүү санаачилга нь гамшгийн эрсдэлийг бууруулах, Сэндайн гэрээнд заасан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үндэсний сүлжээ, бүтцийг  бий болгоход чиглэж байна.

       Манай орны нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон, 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу байдалтай байсан бөгөөд энэ үед         малчид бэлэн мөнгөгүйгээс өвс, тэжээл худалдан авах боломжгүй, отрын бүс нутагт бэлчээрийн даац хэтэрч, туурайн зуд болж нөхцөл байдал хүндэрсэн байв. Тиймээс энэ жилийн хүмүүнлэгийн өдрөөр зудын гамшигт нэрвэгдсэн малчдад туслах хүмүүнлэгийн аянд идэвхтэй оролцсон аж ахуй, нэгж, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар шагнал гардуулж, Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлсэн юм.

       НҮБ-ын Суурин төлөөлөгч Биата Транкман гамшигт өртсөн малчдад туслах олон улсын тусламж, хамтын ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө. Мөн ОУУЗУХСНХ-ны Ази, номхон далайн бүсийн захирал Ф.Мартин болон Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа П.Баттогтох нар өнгөрч буй зудын гамшгийн тусламж, түүнээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн орчинг тодорхойлох зэрэг асуудлыг хөндөж тавьсан.

       Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны тусламжийг хүлээн авч 1,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламжийг 17 сумын 5100 малчин өрхөд хүргээд байгаа юм.

       Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны экологийн тэнцвэр алдагдаж, 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд 700 гаруй мянган хүн амь насаа алдаж, 23 орчим сая хүн орон гэргүй болж 1,5 тэрбум гаруй хүн гамшигт ямар нэг байдлаар нэрвэгджээ. Нийт учруулсан хохирлын хэмжээ нь 1,3 их наяд ам.доллар болжээ.

Монгол Улсад өнгөрсөн арван жилд ойролцоогоор 33000 орчим байгалийн  аюулт үзэгдэл, осол тохиолдож,  2237 хүний амь нас эрсдэн,  12,1 сая мал хорогдож, нийт учруулсан шууд хохирлын хэмжээ 1 их наяд 70 тэрбум төгрөг буюу 600 орчим сая ам.долларт хүрсэн байна. (640 хүүхдийн суудалтай 500 гаруй дунд сургууль барих хэмжээний хөрөнгийн хохирол учирсан байна.)

Сүүлийн үед гамшигтай тэмцэх үйл ажиллагаанаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тооцох нь илүү үр дүнтэй байна гэсэн хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байгаа талаар чуулга уулзалтад оролцогчид ярьж байлаа. Тухайлбал гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан 1 ам.доллар гамшгийн дараа хариу арга хэмжээ авахад зарцуулах 7-9 ам.долларын зардлыг хэмнэнэ гэсэн тооцоог судлаачид хийгээд байна.

       Түүнчлэн Турк улсын Истанбул хотноо 2016 оны 5 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд НҮБ-ын санаачилгаар зохион байгуулагдах Олон улсын Хүмүүнлэгийн чуулга уулзалтад хандан “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг дэлхийн 1 тэрбум хүнд хүргэхийн төлөө нэгдэцгээе” гэсэн уриалгыг гаргалаа.