Сар шинийн мэндчилгээ

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Монголын Улаан загалмай нийгэмлэгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй, санаачилгатай хамтран ажиллаж байгаа  Дунд шатны хорооны тэргүүн, дарга, ажилтан, сайн дурын идэвхтэн, гишүүд, дэмжигчид Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Бид улиран одож буй хонин жилд  Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулж, хүмүүнлэг иргэний нийгэм байгуулахад төрдөө нэмэлт хүч болон ажиллах боломж бүхий л талаар бүрдлээ. 

Үндэсний нийгэмлэгийн бодлогодоо шинэчлэл хийж, төр, улаан загалмайн хамтын ажиллагааг үнэлж, орон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг авах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн нь чухал үйл хэрэг байлаа.

Олон улсын Улаан Загалмайн хороо, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Үндэсний нийгэмлэгүүдтэй  үйл ажиллагаагаа уялдуулж, хүмүүнлэгийн дипломат харилцааг өргөжүүлэхэд ихээхэн ахиц дэвшил гарсан жил болж өнгөрлөө.  Англи, Финлянд,  Австрали,  Япон,  БНСУ,  БНХАУ-ын  Улаан  загалмай  нийгэмлэг, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай  хамтран ажиллах чиглэлийг шинэчлэн  тодорхойлсон юм.

Хүмүүнлэгийн үйл ажиллагаа хүрээгээ тэлж, МУЗН-ийн гишүүдийн тоо 1350-аар,  гишүүн  хүмүүнлэгийн  байгууллагын тоо 82-оор нэмэгдсэн нь бидний ажлын үр дүн юм.  Хүмүүнлэгийн үйл ажиллагаа шударга, хүртээмжтэй  байх зарчмыг эрхэмлэн МУЗН-ийн санхүүгийн менежментийг сайжруулж, ил тод нээлттэй байдлыг хангалаа .

 Улирч буй хонин жилдээ улаан загалмайчид бид шинэчлэл, өөрчлөлтийн төлөө хамтдаа зүтгэж, амжилт, бүтээлээр дүүрэн өнгөрүүлсэн нэгэн жилийг үдэж байна.

Айлчлан ирж буй  бичин жилдээ Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулиа хэрэгжүүлэх, төр-улаан загалмайн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, гамшиг ослоос урьдчилан сэргийлж, зудын эрсдэлийг даван туулах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, нийгмийн халамж үйлчилгээг зорилтот бүлгийн иргэддээ хүргэх, хүүхэд, залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөнөө бэхжүүлэх ажлыг Та бид хамтран  зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.

 

Та бүхэн  Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Хүндэтгэсэн,

ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБОЛД

 

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  Н.БОЛОРМАА

 

                    2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр