Улсын Онцгой комисс хуралдаж, зудын нөхцөл байдлын талаар ярилцлаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар өчигдөр онцгой комиссын гишүүн байгууллагууд болон зарим төрийн бус байгууллагынхантай уулзалт хийлээ. Уулзалтаар зудын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд танилцуулга хийж мэдээлэл солилцож, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан. Монголын улаан загалмай нийгэмлэг нь Улсын онцгой комиссын гишүүн бөгөөд зудын нөхцөл байдалд үнэлгээ хийж, ОУУЗУХСНХ-той хамтран  малчдад тусламж хүргэхээр бэлтгэж байна.

Уулзалтад тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ОУУЗУХСНХ-ны Бээжин дэх Зүүн Азийн орлогч Бахтер Мамбетов болон  Гамшгийн менежментын багийн ахлагч Д.Даваажаргал нар оролцсон. Мөн Хөдөө аж ахуй, Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд оролцож мэдээлэл өгөв.

Онцгой байдлын ерөнхий газрын өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар 18 аймгийн 98 сум зудтай, 20 аймгийн 110 сум цагаан зудархуу байна. Зудын нөхцөлд  80 мянган малчин өрх амьдарч байна. Нийт малын 42,5 хувь буюу 23 сая мал зудын нөхцөлд оржээ.

Мөн зудтай орон нутагт 5019 жирэмсэн эмэгтэй, 0-5 насны 20847 хүүхэд, 6117 хөгжлийн бэрхшээлтэй  иргэн, 41173 нэн ядуу айл өрх байгаа судалгаа гарсан байна.

Эдгээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, төрөх эхчүүдийг төв суурин газарт хүргэх ажил Эрүүл мэндийн анхаарлыг төвд байна. Мөн зудад буй өрхийн ам бүлийг  амин дэмээр хангах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Засгийн газраас 10 мянган тонн өвсийг үнэгүй, 6,0 гаруй тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгож байна. Өвөлжилт хүнд байгаа зарим аймгийн хүн эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албадуудад 50 автомашин өгсөн байна. Мөн өвөлжит хүнд байсан 10 аймгийн Засаг даргын тамгын газарт орон нутгийн зам, даваа нээлттэй байлгах, хүн амд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зэрэгт зориулж, 30-140 сая нийт 1,8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн ажээ.

Монголын улаан загалмай нийгэмлэг 8 аймгийн 1500 өрхөд тусламж үзүүлэхээр бэлтгэж байсан. Харин тусламж үзүүлэх өрхийн тоогоо нэмж 2000-д хүргэсэн байна.

Мөн зудын дараагийн үед иргэдийн амь амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээх ажил Монголын улаан загалмай нийгэмлэгийн  үүрэг юм. Энэ утгаараа Хөдөлмөрийн яамтай мөн уулзалт хийлээ.  Малчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, малжуулах, хадлан тэжээл бэлтгэхэд туслах зэрэгт Улаан загалмай  хамтран ажиллахаар ярилцлаа.