Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаарх судалгааны ажилтай танилцлаа

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

 

     МУЗН ОУУЗУХСНХ-той хамтраад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийг туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн үйл ажиллагааны хүрээнд монгол орны хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар судалгааг танилцуулах уулзалт ярилцлага боллоо. Уулзалтад Онцгой байдлын ерөнхий газрын  Гамшгийн шуурхай удирдлагын газар, Гамшиг судлалын хүрээлэн, Байгаль хамгаалах сан зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцсон. Мөн “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй” сэдвээр судалгааны ажил хийж буй ХААИС-ийн багш Д.Кадирбек ерөнхий танилцуулгыг хийв.

 

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан үр дагавар, өнөөгийн нөхцөл байдал, олон нийтийн хандлага, дасан зохицох боломжийн тухай танилцуулснаас гадна МУЗН уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа судалгаандаа үндэслэн тодорхойлсон байна. Уур амьсгалын өөрчлөлтийн олон нийтийн үнэлгээ, дасан зохицох боломжийн талаар Увс, Дорноговь аймгийг сонгон авч судалгаа хийжээ. Увс аймагт гарсан судалгаагаар агаар хуурайшиж, агаарын хэм эрс нэмэгдсэн, гол горхи ширгэж, мөнх цас хайлсан, үлийн цагаан оготоно, шавьж ихэссэн, байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсэн гэх зэрэг 11 өөрчлөлтийн илрэлийг жагсаасан байна. Эдгээрийн нөлөөгөөр Увс аймагт өнгөрсөн онд үерт хоёр хүний амь эрсджээ. Мөн бороо орохгүйгээр аянга бууж, мал хорогдсон байна. Бас нар, сар, од гурав давхцах үзэгдэл илэрчээ. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үүднээс төр, орон нутаг, эрүүл мэнд, малчин иргэдийн зүгээс авах арга хэмжээг тус тусад нь тодорхойлсон байна.

 

 

МУЗН-ийн зүгээс байгаль, цаг уурын урьдчилсан мэдээллийг урт хугацаагаар тодорхойлж, мэдээлэх, цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээллийн ач холбогдлыг ойлгуулах, малчдын зүгээс авах арга хэмжээний зөвлөмж боловсруулах зэрэг сургалт, сурталчилгааны чиглэлд түлхүү ажиллаж болох санал гаргажээ. МУЗН үүрэн холбооны Жи-мобайл компанитай хамтран урьдчилан мэдээлэх “ТЕРА” сүлжээг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэ бол малчдад хүмүүнлэгийн тусламжийг хүргэх мэдээллийн чухал хэрэгсэлд тооцогдож байгаа талаар мөн онцолсон.

Мөн МУЗН төрийн болон төрийн бус байгууллагуудтай уур амьсгалын өөрчлөлтөд иргэдийнхээ  дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах ажилд хамтран ажиллах боломж нөөцийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа...