Хайрын будаа аяны тусламжийн цуваа зүүн аймгуудыг зорилоо

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

МУЗН-ээс зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт гарсан тал хээрийн түймэрт өртсөн иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор сайн үйлсийн аяныг зохион байгуулсан . Уг  хандивын аяныг дөрөвдүгээр сарын сүүлчээс

энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулсан юм.  МУЗН эхний ээлжид Сүхбаатар аймгийн  гамшигт өртсөн 50 өрхөд хүнсний тусламж  үзүүлсэн . Түүний дараа гамшигт өртсөн иргэд болон  түймрийн голомтод ажиллаж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэхээр  “Хайрын будаа” аяныг нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд өрнүүлсэн юм. Хүүхэд багачуудыг хүмүүнлэг үйлсэд татан оролцуулах, хүн хүндээ тусалдаг нинжин сэтгэлийг буй болгоход энэхүү аяны бас нэгэн зорилго чиглэгдэж байв.

Мөн энэхүү аяны  хүрээнд  Хүүхэд, залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөнөөс “Хайрцаг дүүрэн хайр” хөтөлбөр зохион байгуулж, 2000 гаруй хайрцаг бэлэг илгээлээ. Хайрцагт үзэг, бал, чихэр, шоколад гээд хүүхдүүд сэтгэл шингэсэн бүхнээ цуглуулан  хийсэн байлаа.

Харин “Хайрын будаа” аянаар  16 тонн цагаан будаа,  хоёр тонн гурилаас гадна гоймон, элсэн чихэр, ургамлын тос зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хандивласан байна.

Мөн ОУУЗУХСНХ-оос  дулаан хөнжил,  эсгий гудас, хувцас, лаа шүдэнз зэрэг хүнд хэрэгтэй олон зүйлийг хандивлалаа. Хагас сарын хугацаанд нийслэлийн хүүхэд, багачууд болон эцэг эхчүүдийн цуглуулсан тусламжийн эд зүйлсийг  Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Улаан загалмай хорооны дарга нар өөрсдийн биеэр ирж хүлээн авсан юм.

  Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Баян-Адарга, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Баян-Агт суманд гарсан түймрийн голомтыг бүрэн унтраахаар Онцгой байдлын алба, зэвсэгт хүчин, хилийн цэргийн  албан хаагчид, орон нутгийн иргэд, сайн дурынхан ажиллаж байна. 

Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа