Маргарета Волстром: МУЗН-т гэгээлэг сайхан ирээдүй харагдаж байна

Нийтэлсэн өдөр: 2000.01.01, бямба

      МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Маргарета Волстром  5 дугаар  сарын 13-ны өдөр айлчиллаа. Түүнтэй хамт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал  Т.Бадрал болон Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын зарим ажилтнууд ирсэн.

Тэрбээр Засгийн газар, НҮБ, Онцгой байдлын ерөнхий газрын хамтран зохион байгуулсан  “Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ба тогтвортой хөгжил, хоорондын уялдаа холбоог сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.

Тиймээс гамшгийн асуудлаар тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг МУЗН-т ийнхүү айлчилж байгаа юм.

 Хатагтай  Маргарета Волстромд   МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа үйл ажиллагааны тухай товч танилцуулсны дараа хөтөлбөрийн зөвлөхүүд  үндсэн дөрвөн хөтөлбөрийнхөө танилцуулгыг хийсэн.

Маргарета Волстром  ямар төрлийн гал түймрийн аюул Монгол оронд ихэвчлэн тохиолдож байгаа тухай болон түүний учир шалтгааны тухай асууж байв. Манайд хот суурин газар ахуйн чанартай галын аюул тохиолддог бол хөдөө орон нутагт ой хээрийн түймэр ихээхэн гардаг тухай танилцууллаа.  Тэр дундаа ой хээрийн түймэр хувь хүний хариуцлагагүй байдлаас үүдэж байгаа тул МУЗН-ийн гамшгийн менежментийн хөтөлбөр ухуулга, сурталчилгааг тогтмол зохион байгуулж байгаа талаараа ярьсан.  Мөн хот суурин газарт галын хохирлын хэмжээ нэмэгдэж буй нь хот хоорондын зам талбай хавчигдмал учраас гал гарах нөхцөл нэмэгдэж, хохирол ихэсч байгаа тухай  танилцуулсан юм.

Мөн тэрбээр Сайн дурын идэвхтнүүдийг хадгалах тухай улс орон бүрд тохирсон аргачлал бий. Тэднийг хадгалахаас гадна мэргэшүүлэхийн чухлыг онцолж байв. Улаан загалмай бол энэ талд мэргэшсэн байгууллага хэдий ч тодорхой бэрхшээл тохиолдож байгааг ойлгож буйгаа илэрхийлсэн.

МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцаад Маргарета Волстром  эмзэг бүлгийн иргэдийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж  чадаж байгааг үнэлсэн юм. Мөн гамшигт өртсөн иргэдийн гамшгийн хохирлыг даван туулах урт хугацааны үйл ажиллагааг цогцоор нь явуулж байгаагаа  улам сайжруулахыг хүслээ. МУЗН-д гэгээлэг сайхан ирээдүй харагдаж байна гэж хатагтай Маргарета Волстром  эцэст нь дүгнэсэн юм.