Сайн дурын идэвхтний цахим сургалтад 21 аймгийн арга зүйч хамрагдлаа

Нийтэлсэн өдөр: 2021.09.08, лхагва


Монголын улаан загалмай нийгэмлэг “Коронавируст халдварын хариу арга хэмжээ” хөтөлбөрийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран аймаг, орон нутгийн эмнэлгийн Халдварт өвчин тандалт, судалгааны багт дэмжлэг үзүүлэн ажиллах чадавх бүхий сайн дурын идэвхтэн бэлтгэх цахим сургалтыг 2021 оны 9 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү цахим сургалт нь Монголын улаан загалмай нийгэмлэг, Эрүүл мэндийн яам, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо, Японы Улаан загалмай болон Солонгосын Улаан загалмайн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Коронавируст халдварын хариу арга хэмжээ” хөтөлбөрийн хүрээнд хийж байгаагаараа онцлог юм.

Сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд коронавируст халдвар авсан иргэдтэй утсаар холбогдож, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, холбогдох мэдээлэл цуглуулж, нэгдсэн мэдээллийн санд бүртгэх ажил гүйцэтгэнэ.  Сургалтад 21 аймгийн Улаан загалмайн Дунд шатны хороодын арга зүйч, сайн дурын идэвхтнүүд хамрагдсан бөгөөд 3 хэсэгт хуваагдаж, цахимаар оролцов.

Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ажилтан Э.Лхагвасүрэн, А.Мөнхтуул, Залуучуудын улаан загалмайн сайн дурын идэвхтэн О.Есүгэн нар чиглүүлж, сайн дурын идэвхтний менежмент, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг, коронавируст халдварын хариу арга хэмжээ, зохион байгуулалт, хавьтлын тандалт судалгаа зэрэг сэдвээр хичээл заасан юм.