МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Нийтэлсэн өдөр: 2021 оны 9-р сарын 8. Лхагва гариг.


Монголын улаан загалмай нийгэмлэг, Дотоод Хэргийн Их Сургууль 2021 оны 9 дүгээр сарын 8-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Уур амьсгал, гамшгийн менежментийн газрын дарга Ш.Мөнгөнтуяа, Дотоод Хэргийн Их Сургуулийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, ОБС-ийн захирал, хурандаа Х.Сүхбаатар болон албаны хүмүүс оролцлоо. Санамж бичиг байгуулахын өмнө Монголын улаан загалмай нийгэмлэг үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээлэл өгсөн юм.

Хамтран ажиллах санамж бичгийн зорилго нь хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудыг гамшгаас хамгаалах чиглэлээр сургаж, бэлтгэх, гамшгаас хамгаалах тухай хуулийг сурталчлах, улаан загалмайн анхан шатны хороо байгуулах, сонсогчдыг анхны тусламж үзүүлэх чадварт сургахад оршино. Үүнээс гадна Улаан загалмайн анхан шатны хороог Дотоод Хэргийн Их Сургууль дээр байгуулж, тохижуулах ажил хийхээр тусгагдсан байна. Мөн Улаан загалмайн анхан шатны хорооны танхимаар дамжуулан Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах юм.