МУИС-ийн 253 оюутан, залуус сайн дураараа цусаа бэлэглэлээ

Нийтэлсэн өдөр: 2020.11.04, лхагва


Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн, Чингэлтэй дүүргийн улаан загалмайн хороо, Монгол Улсын Их Сургууль, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв хамтран залуу донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, олон нийтэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт өгөх зорилгоор “Баатар болоход бэлэн үү” сэдэвт өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөг  2020 оны 11 сарын 2-4-ний өдөр Монгол Улсын Их  Сургууль дээр зохион байгуулагдсан юм. Уг өдөрлөгийн мэдээлэл сурталчилгааг “МУИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клуб” болон "МУИС-ийн Оюутан төгсөгчдийн хэлтэс" хамтран зохион байгуулсан бөгөөд гурван өдрийн турш нийт 253 оюутан, залуус сайн дураараа цусаа бэлэглэж, 759 хүний амь насыг аварсан юм.

"Цусаа бэлэглэх өдөр"-ийн гол зорилго нь цусаа бэлэглэгч ачтан доноруудаа алдаршуулах байдаг. Энэ өдөр ЦССҮТ-ийн ерөнхий захирлын нэрэмжит талархлаар тус сургуулийн багш, мэргэжилтэн Б.Ганбат, Олон улсын харилцааны ангийн оюутан Т.Чинзориг, Бахархал-10 тэмдгээр МУИС-ийн Түүх нийгмийн ухааны багшийн ангийн оюутан Ц.Наранхүү, П.Наранчимэг, Бахархал-20 тэмдгээр ШУТИС-ийн оюутан Э.Мөнхтуяа, Бахархал-40 тэмдгээр МУИС-ийн философийн ангийн оюутан Ц.Пүрэвнамжил, Бахархал-50 тэмдгээр М.Батчулуун, нарыг шагнаж урамшуулсан юм.