МУЗН, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Улаан загалмайн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Нийтэлсэн өдөр: 2020 оны 7-р сарын 23. Пүрэв гариг.

Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны Улаан загалмай байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Гэрээ зурах цахим хуралд Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа, Эрүүл мэндийн Дэд Сайд Ш.Анхмаа, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Дэд Ерөнхийлөгч Б.Батцэцэг нарт оролцов.


2018 оноос эхлэн БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, олон хүмүүнлэгийн ажил зохион байгуулж байна.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 310 иргэнд нүдний болор солих хагалгааг үнэ төлбөргүй хийв. Мөн 122 зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд БНХАУ-ын төв эмнэлгүүдэд мэс заслын эмчилгээ хийсэн юм.

Цаашид, 2 орны Улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд өвдөж зовсон, илүү олон хүнд туслах зорилгоор дараах хүмүүнлэгийн ажлыг ирэх 4 жилд хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулав:

  1. Нүдний болор цайх өвчтэй 3000 хүнийг \жилд 500 орчим хүн\ үнэ төлбөргүй болор суулгах мэс заслын эмчилгээнд хамруулна.
  2. Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх 1000 сургагч багшийг олон улсын хөтөлбөрийн дагуу бэлтгэнэ.
  3. Нүдний нарийн мэргэжлийн 50 эмчийг БНХАУ-д мэргэшүүлэх сургалтанд хамруулна.
  4. Замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлж, холын замд яаралтай тусламж үзүүлэх 2 төв байгуулах юм.

БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг МУ-ын Засгийн газрын Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжиж,  сөрөг даралтат түргэн тусламжийн машин, амны хаалт, хамгаалах хувцас зэрэг нийт 520,770,000 төгрөгийн нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг хандивласан юм.

 

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ