1000 малчин өрхөд тусламж олгов

Нийтэлсэн өдөр: 2020.02.18, мягмар


Монголын улаан загалмай нийгэмлэг 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “Ус, цаг уур, орчны шинжилгээ”-ний газраас гаргасан зудын эрсдэлийн зураг дээр үндэслэн эрсдэл нэн өндөр Говь-Алтай, Ховд, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн 1000 малчин өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багц зэрэг нийт 370 гаруй сая төгрөгийн тусламж олголоо. МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын газраас томилсон ажлын хэсэг “Цаг уурын мэдээнд тулгуурласан санхүүжилт” хөтөлбөрийн тусламж тараалтын хяналт үнэлгээг хийж, 2020 оны 2 сарын 3-14-ний өдрүүдэд Архангай, Говь-Алтай, Сүхбаатар, Хэнтий аймагт ажилласан юм. Хяналт, үнэлгээний баг Архангай аймгийн Их тамир, Хашаат сум, Говь-Алтай аймгийн Шарга, Тайшир, Хэнтий аймгийн Мөрөн, Баян-Овоо сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Халзан сумдад ажиллаж, тусламж хүртэгчид, Улаан загалмайн Анхан шатны хороо, орон нутгийн болон ХААН банкны салбарын удирдлагуудтай уулзалт хийж, тусламж хүртэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа авав. Судалгаанд хамрагдсан тусламж хүртсэн өрхүүд бэлэн мөнгө болон малын эрдэс, тэжээлийн багцын тусламжийг цаг үеэ олсон, зудын гамшгаас сэргийлэхэд их хувь нэмэр болсон гэж талархал илэрхийлсэн байна.  

Мөн үнэлгээний баг БНХАУ-д дэгдсэн Коронавирусын тархалттай холбоотойгоор зарим сумдын тусламж хүртэгчдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж, амны хаалт, витамин  тараалаа.