Зудын эрсдэл өндөр гарсан аймгууд руу тусламжийн цуваа хөдөллөө

Нийтэлсэн өдөр: 2020.01.29, лхагва


Цаг уур, орчны шинжилгээний газраас боловсруулан гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 2-ны зургаар нийт 8 аймгийн нутаг дэвсгэрийн 20-оос дээш хувь нь зудын нэн өндөр эрсдэлтэй гарсан тул Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хүмүүнлэгийн тусламж хүргэх шийдвэр гарсан билээ. Улмаар зудын эрсдэлийн зурагт үндэслэн Хэнтий, Архангай, Сүхбаатар, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Булган, Увс аймгийн эмзэг бүлгийн 1000 малчин өрх бэлэн мөнгөний болон малын эрдэс тэжээлийн тусламж үзүүлж эхэлсэн юм. Эмзэг бүлгийн 1000 малчин өрхөд тус бүрт 240,000 төгрөгийг тухайн иргэний Хаан банкны дансаар олгосон бөгөөд малын эрдэс тэжээлийн  багцыг  2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн улаан загалмайн хорооны дарга нар хүлээн авч, орон нутаг руу хөдөллөө.


Малын эрдэс тэжээлийн багцад эрдсийн долооц, амин тун буюу малын нэмэгдэл тэжээл, загасны тос, нүдний тосон түрхлэг, туурайн тос зэрэг зүйлс багтжээ.

Хүмүүнлэгийн тусламжинд хамрагдсан малчин өрхийг 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан,  Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх гэсэн шалгуур үзүүлэлтээр сонгож авсан юм.