МУЗН-ийн Удирдах зөвлөлийн хурал боллоо

Нийтэлсэн өдөр: 2019.12.16, даваа
  

 

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 12 сарын 16-ны өдөр нийгэмлэгийн төв байранд боллоо. Удирдах зөвлөлийн хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон Удирдах зөвлөл, Санхүү, Дүрмийн хорооны гишүүд оролцсон юм. Хурлын эхэнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны 22 дугаар Ерөнхий Ассемблей, Залуучуудын хурал, Төлөөлөгчдийн зөвлөлийн хурал болон Улаан загалмай хөдөлгөөний  олон улсын 33 дугаар бага хуралд Монголын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөл амжилттай оролцоод ирлээ. Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбооны 22 дугаар Ерөнхий Ассемблейн хурлын үеэр Монголын улаан загалмай нийгэмлэг Байгууллагын хүчин чадлын гэрчилгээ авсан Ази, Номхон далайн бүсийн анхны, дэлхийн 4 дэх Үндэсний нийгэмлэг болсныг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо зарлаж, гэрчилгээг гардуулж өгсөн. Энэхүү амжилт бол биднийг 2014 оноос хойш Монголын улаан загалмай нийгэмлэгт шинэчлэл хийж, идэвх санаачилгатай дэмжин ажиллаж ирсэн Удирдах зөвлөлийн гишүүд болон бүх улаан загалмайчид, гишүүд дэмжигчид, Ерөнхий нарийн бичгийн даргын газар, дунд болон анхан шатны хорооны хамтын хичээл, зүтгэл гэдгийг онцлон хэлье” гэв.  

Хурлаар 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө,  2020 оны төсвийг хэлэлцэн батлав. Мөн 2018 оны Ерөнхий санхүүд хийсэн аудитын шалгалтын дүнг сайшаав.