С.ДОЛЖИНСҮРЭН: ДЭЛХИЙН ГАМШГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ “ХЭН Ч, ХААНА Ч, ХЭЗЭЭД БЭЛЭН” БУУХИА АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийтэлсэн өдөр: 2019 оны 10-р сарын 29. Мягмар гариг.


С.ДОЛЖИНСҮРЭН: ДЭЛХИЙН ГАМШГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ “ХЭН Ч, ХААНА Ч, ХЭЗЭЭД БЭЛЭН” БУУХИА АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэсийн Урьдчилан сэргийлэх, Хэвлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн ахлагч дэслэгч С.Должинсүрэнгээс улаан загалмайн хороотой хамтран явуулж буй үйл ажиллагааны талаар тодрууллаа.

 

-Дүүргийн улаан загалмайн хороотой хамтран явуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээллээ хуваалцана уу?

-Манай Онцгой байдлын алба үйл ажиллагааныхаа хүрээнд 200-300 байгууллагад хүрч ажилладаг. Энэ байгууллагын 40-50 илүү хувьд нь дүүргийн улаан загалмайн хороотой хамтран үйл ажиллагаа явуулдаг. Бидний хамтран ажилладаг голлох чиглэл бол гамшиг, гал түймэр, үер. Тиймээс энэ чиглэлийн дагуу маш олон ажил дээр хамтран ажилладаг. Заримдаа бүтэн жилийн үйл ажиллагаанд хамтран оролцох чиглэл, төлөвлөгөө гаргаж ажилладаг. Тухайлбал “Өсвөрийн аврагч” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Бага насны буюу Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс дүүргийнхээ улаан загалмайн хороотой хамтраад “Өсвөрийн аврагч” тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ жилийн тэмцээнд 9 сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. Тэмцээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсорлын сургуулиуд оролцоно. Сургууль болгон өсвөрийн аврагч бүлэгтэй. Бүлэг дотроо өсвөрийн аврагч, гал түймрээс урьдчилан сэргийлэх бүлэг, гамшгаас хамгаалах бүлэг, анхны тусламжийн бүлэг гэсэн чиглэлээр үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг, сайн дурын бүлэг бий. Эдгээр бүлгүүдийн дунд тэмцээнээ зохион байгуулна.

 

-“Өсвөрийн аврагч” тэмцээнд оролцохоор хэчнээн сургууль мэдүүлгээ өгөөд байна вэ?

-Дүүргийн хэмжээнд 40 сургууль “Өсвөрийн аврагч” клубтай. Өмнө нь улсын сургуулиуд энэ тэмцээнд голчилж оролцдог байсан. Энэ жил хувийн хэвшлийн хэд хэдэн сургууль оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

-Дэлхийн гамшгийн өдөрт зориулан хийхээр төлөвлөж байгаа “Хэн ч, хаана ч, хэзээд бэлэн” арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү?

-Дэлхийн гамшгийн өдрийг тохиолдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтэс улаан загалмайн хороотойгоо хамтраад “Хэн ч, хаана ч, хэзээд бэлэн” арга хэмжээг зохион байгуулахаар бэлдэж байна. Энэхүү ажилд дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, улаан загалмайн хороо хамтран оролцоно. Нийт 28 хорооны дунд зохион байгуулагдана. Хороо бүр 10-15 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын хэсэг байгуулж, чадавхижуулах сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдсаны дараа “Хэн ч, хаана ч, хэзээд бэлэн” буухиа тэмцээнд оролцож, өрсөлдөнө. Анхны тусламж үзүүлэх, гамшиг ослын үед хэрхэн ажиллах, гал түймрийн үед бусдын амь насыг аврах, газар хөдлөлтийн үед яах ёстой гэх мэт төрөлжсөн 5-6 өртөөгөөр аялаж, буухиа хэлбэрээр дадлага, сургуулилт хийж уралдана.

-Баярлалаа.