Т.БАТЦОГТ: АЛИВАА ГАМШИГ ОСЛЫН ҮЕД ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙН ХОРОО МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ТАЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАДАГ

Нийтэлсэн өдөр: 2019.10.27, ням

Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2019-2020 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн “Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх тухай” А/338 дугаар захирамжаар орон нутгийн хороодод дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж эхэллээ. Гамшгийн нөхцөл байдлын мэдээлэл дээр суурилж гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах зорилготой тус судалгаанд тус дүүргийн 1,11,13,14,18 ,2, 9, 16, 21, 25 дугаар хороод хамрагджээ. Судалгааны үеэр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт судалгаанд оролцож буй хороодын албан хаагчид, дүүргийн мэргэжлийн ангиудад хороодын гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг яаралтай боловсруулж, зөвлөмж гарган гамшгийн эрсдэлийн тойм судалгааг нарийвчлан гаргах үүрэг, чиглэл өгсөн юм. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогттой ярилцлаа.

-Гамшгийн нөхцөл байдлын мэдээлэл дээр суурилж эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах зорилготой тойм судалгааны ажил эхлүүлээд байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд, тэр дундаа нийслэл хотод гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэл тохиолдсон үед иргэд ямар үүрэг, чиглэлтэйгээр хэрхэн нэгдэж, өөрсдийгөө болон бусдыг гамшгаас хамгаалах вэ гэсэн томоохон сургалт тогтмол явагдаж байна. Баянзүрх дүүрэг 2018 онд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг зохион байгуулсан. Энэ жил 2019 онд нийслэл хотын хэмжээнд харьяа байгууллага, алба, нэгжүүд, сургууль, цэцэрлэгүүдийг хамруулсан Гамшгийн иж бүрэн сургуулийг зохион байгууллаа. Гэнэтийн осол, гэмтэл, гамшгаас урьдчилан сэргийлж удирдлага зохион байгуулалтын хувьд ямар төлөвлөгөөтэйгээр, ямар чиг үүрэгтэй, оролцоотой байх талаар сургалт, судалгааг тогтмол хийдэг. Аливаа гамшиг ослын үед голлож ажилладаг нь онцгой байдлын алба байдаг. Түүн дээр дэмжлэг үзүүлэх байдлаар Монголын улаан загалмай нийгэмлэг, дүүргийн улаан загалмайн хороо мэргэжил арга зүйн тал дээр илүү хамтран ажилладаг. Ялангуяа сургалт зохион байгуулах, туршлага судлах, солилцох, олон нийт, иргэдэд хүрч ажиллахад хамгийн их дэм тус болдог, нөлөөлж чаддаг. Энэ байгууллагатай хамтарч Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг дүүргийнхээ бүх хороодод хийж байна. Өнгөрсөн 7 хоногт хороодын дунд уулзалт, сургалт хийсэн. Мэдээж төрийн байгууллага учраас Засаг дарга захирамж гаргана. Захирамжинд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Судалгааны ажлын хүрээнд хороодыг бүсчилж, судалгаа мэдээллээ авна. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс мэдээлэл гамшгийн эрсдэлийн талаарх мэдээлэл авч нэгтгэн ажиллаж байна.

- Тухайн судалгааг хийснээр гарах үр дүн, ач холбогдол юу вэ?

-Судалгааг индикаторын аргачлалаар хийж ажиллаж байна. Тухайн судалгааг хийснээр хороодын нутагт тохиолдож болзошгүй байгалийн болон хүний хариуцлага болгоомжгүй байдлаас үүдэлтэй, техникийн гаралтай гамшгийн төрөл болох объектын түймэр, ой хээрийн түймэр, үер, хөрсний ус, газар хөдлөлт, малын халдварт өвчин зэрэгт судалгаа хийнэ. Тус бүрээр нь эрсдэлийн үнэлгээг хийнэ. Гамшиг болсны дараа биш. Болохоос нь өмнө мэдээлэл авч, үнэлгээ хийснээр тохиолдож болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой судалгаа юм.

-Судалгаа хэдий хүртэл үргэлжлэх бэ? Судалгааны багт мэргэжлийн ангиудаас ямар ямар хүмүүс голчлон ажиллаж байна вэ?

-Судалгаа ирэх 11 сарын 8 хүртэл үргэлжилнэ. Энэхүү судалгааны ажилд Баянзүрх дүүргийн улаан загалмайн хорооны ахлах арга зүйч Д.Гэрэлмаа, арга зүйч Э.Нандинцэцэг, нийслэлийн Онцгой байдлын газрын Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын тасгийн мэргэжилтэн, ахмад Ц.Чинзориг, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Алтантуяа, төвийн дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд гэсэн баг, бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн дээрээс нь дүүргийн удирдлага, онцгой байдлын алба чиг үүрэг өгч ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.