“АЖЛЫН БАЙРАНД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ НЬ” ЦАХИМ ХИЧЭЭЛ МОНГОЛ ХЭЛ ДЭЭР ЯВАГДАНА

Нийтэлсэн өдөр: 2019 оны 10-р сарын 7. Даваа гариг.

Ажлын байранд гарч болох аюул, эрсдэлүүдийг таниулах, осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй, өөртөө болон бусдад анхны тусламжийг аюулгүй, зөв үзүүлэх мэдлэг, чадварыг олгох зорилготой “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” цахим сургалт Монгол хэлтэйгээр нээгдэх гэж байна.  

Сургалтын хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ 2019 оны 10-р сарын 10-ны өдөр МУЗН-ийн “Түгээмэл хайрын хүрээлэн” Анхны тусламжийн сургалтын төвд 8:30 минутад болно.  Сургалтанд Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Европын Холбоо, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг, Монголын арьс, шир үйлдвэрлэгчдийн холбоо,  арьс шир, гутал, текстил үйлдвэрлэгчдийн төлөөллүүд оролцоно. Сургалтыг Анхны тусламжийн мастер багш, хүний их эмч Б.Гантулга удирдан явуулна. 


“Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” сургагч багшийн сургалт нь тухайн салбарын онцлогоос хамаарч 8 модулиас хэрэгцээг үндэслэн сонгон суралцаж болох ба дараах сэдвүүдээс бүрдэнэ:

  1. M1. Анхны тусламжийн хайрцаг;
  2. М2. Зүрхний шигдээсийн үед анхны тусламж үзүүлэх;
  3. М3. Түлэгдэлтийн үед анхны тусламж үзүүлэх;
  4. М4. Химийн ослын үед анхны тусламж үзүүлэх;
  5. М5. Битүү бэртэх үед анхны тусламж үзүүлэх;
  6. М6. Нүд гэмтэх үед анхны тусламж үзүүлэх;
  7. М7. Цус алдалтын үед анхны тусламж үзүүлэх;
  8. М8. Цахилгааны ослын үед анхны тусламж үзүүлэх.

Цахим хичээлийг сонирхсон хүмүүс интернэтэд холбогдсон суурин болон зөөврийн компьютер, таблет, ухаалаг утас ашиглан хүссэн цагтаа хаанаас ч үзэж судлах боломжтой.

Монгол улсад зам тээврийн, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. Иймд иргэн бүр анхны тусламжийг ахуйн хүрээнд, үйлдвэрийн нөхцөлд, ажлын байранд, хаана ч үзүүлэх мэдлэг чадвар, дадлыг эзэмшсэнээр амь нас, эрүүл мэнд, осол гэмтлийн хохирлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтойгоос гадна ажлын байранд тохиолдож болох гэмтлүүдийн үед авах арга хэмжээг орчин үеийн сургалтын материал, тоног төхөөрөмж ашиглан дадлага хийж, Анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмших боломжтой юм.

 

Энэхүү цахим хичээл нь англи хэл дээр байсан бөгөөд анх удаа ийнхүү монгол дээр хийгдэж байгаа юм.