АНГЛИД 8 НАСТАЙ ХҮҮ АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ

Нийтэлсэн өдөр: 2019 оны 5-р сарын 9. Пүрэв гариг.

Англид амьдардаг 8 настай хүү гудамжинд ухаан алдсан эмэгтэйд анхны тусламж үзүүлж амийг нь аварчээ. Тодруулбал 8 настай Стефан хүү гэрийнх нь гадаа гудамжинд ухаан алдсан эмэгтэйд анхны тусламж үзүүлсэн байна. Тэрбээр анхны тусламжийн үзсэн хичээлийнхээ дагуу ийнхүү анхны тусламж үзүүлсэн аж. Хүү бүсгүйтэй ярилцахыг оролдож, амьсгалыг нь шалгаж үзсэн гэнэ.


Эмэгтэйг амьсгалж байгааг мэдсэн даруйд хажуу тийш нь харуулж хэвтүүлэн, амьсгалын замыг чөлөөтэй байлгахын тулд толгойг нь арагш гэдийлгэн байрлуулсан байна. Стефан хүү дараа нь ээжийнхээ утсаар түргэн тусламж дуудаж, түргэн тусламж ирэх хүртэл ухаан алдсан эмэгтэйтэй хамт байжээ. Улмаар түргэн тусламж ирж эмнэлэг авч явсан бөгөөд бүсгүй бүрэн эдгэрсэн байна. Энэ талаар Стефан хүү “Би эхлээд бага зэрэг сандарч байсан ч анхны тусламжийн клубт суралцсан учраас юу хийхээ санасан. Үүний дагуу би ухаан алдсан бүсгүйд анхны тусламж үзүүлсэн. Би хийсэн зүйлдээ үнэхээр их бахархаж байна” хэмээжээ. Английн улаан загалмай нийгэмлэгийн олон жилийн хүчин чармайлтын үр дүнд Засгийн газар ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт анхны тусламжийн хичээлийг оруулахаар болжээ. Английн улаан загалмай нийгэмлэгийн гаргасан судалгаагаар насанд хүрсэн 10 хүн тутмын 9 нь анхны тусламж үзүүлэх чадваргүй, хүсэлгүй эсвэл өөртөө илтгэлгүй байна гэж үзжээ.