Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан “Гамшгийн дараах хохирол, хэрэгцээг үнэлэх аргазүйн асуудал” сэдэвт онол практикийн бага хурал боллоо

Нийтэлсэн өдөр: 2019 оны 5-р сарын 3. Баасан гариг.


Монгол улсын Хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан жил бүр Монголын улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн хамтран онол, практикийн бага хурлыг  зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн хурлыг гамшгийн улмаас учирсан хохирол, хэрэгцээг үнэлэх аргачлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах түүнчлэн үнэлгээг шуурхай, тодорхой болгох зорилготой Гамшгийн дараах хохирол, хэрэгцээг үнэлэх аргазүйн асуудалсэдвээр зохион байгууллаа.


Гамшгаас хамгаалах салбарт хийгдэж байгаа эрх зүйн шинэчлэлийн хүрээнд олон баримт бичиг батлагдан гарч байгаагийн нэг нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам” юм.

Уг журам нь гамшгаас хамгаалах талаарх төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах, гамшгаас учирсан хохирлыг шуурхай, бодитой тооцож, нэрвэгдсэн хүн амын хэрэгцээ, нөөцийн бэлэн байдал, гамшгийн үеийн яаралтай тусламж болон хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг  сайжруулах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Нийслэлийн онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах улсын албад, Дотоод хэргийн их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллагын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцов.

 Уг онол практикийг бага хурлаар гамшгийн дараах хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх эрх зүйн орчны шинэчлэл болон  гамшгийн дараах хохирол, хэрэгцээг үнэлэхэд ашиглаж буй арга, аргачлал, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар 7 илтгэлийг хэлэлцүүлсний дотор МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрөөс Баян-Өлгий аймгийн 2018 оны үерийн хохирол, хэрэгцээг үнэлсэн байдал илтгэлийг танилцуулав.


Энэ удаагийн хурлаар эрдэмтэн, судлаачид гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, гамшгийн хохирол хэрэгцээг үнэлэх арга, аргачлалыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зөвлөмж гаргав.