Туршлага солилцох уулзалт эхэллээ

Нийтэлсэн өдөр: 2018.10.17, лхагва

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр байгууллагын төв, орон нутгийн газрын дарга нарын туршлага солилцох уулзалт өнөөдөр эхэллээ.


Энэхүү уулзалтанд 21 аймаг, 9 дүүргийн Онцгой байдлын алба, Улаан загалмайн хорооны нийт 70 гаруй хүн хамрагдаж байна.

Гамшиг ослоос ард иргэдийг урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшиг осолд өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулах ажлыг байнга хамран зохион байгуулдаг хоёр байгууллагын хувьд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайн туршлагаа хуваалцахад энэхүү уулзалтын зорилго оршиж байна.


Туршлага солилцох уулзалтын нээлт Онцгой байдлын ерөнхий газарт болсон бөгөөд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд үргэлжилж байна.



Уулзалтын үеэр мөн Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Дунд шатны улаан загалмайн хорооны үйл ажиллагаатай танилцаж, БНХАУ-ын Манжуур хотод үргэлжилнэ. Энэ үеэр Манжуур хотын Улаан загалмайн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд туршлага солилцох уулзалт 10-р сарын 17-оос 23-ны хооронд болно.