МУЗН “Юнармия” хүүхэд залуучуудын цэрэг эх оронч хөдөлгөөнтэй хамтран хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулж байна

Нийтэлсэн өдөр: 2018.09.12, лхагва

МУЗН болон ОХУ-ын Бүгд найрамдах  Буриад Улсын “Юнармия” хүүхэд залуучуудын цэрэг эх оронч хөдөлгөөний  хамтын ажиллагааны хүрээнд Халх голын 80 жилийн ойг угтаж хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.


МУЗН-ийн Сайн дурын идэвхтнүүд  буюу  сувиалагч нар  1939 оны Халхын голын дайнд шархадсан цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байсан. Энэ түүхэн цаг хугацаагаар  МУЗН-ийн үүсэл хөгжил тооцогддог юм. Тиймээс ирэх онд тохиох  МУЗН-ийн 80 жилийн ойг утгаж цэрэг эх оронч залуучуудтай хамтран Халх голд амь  үрэгдсэн цэрэг дайчдын булшийг олох, түүхийн  хөшөө дурсгалыг сэргээх ажилд тусалж байна.


ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын “Юнармия” хөдөлгөөний 15 гишүүд энэ сарын 2-ны  өдрөөс 10 гаруй хоног Дорнод аймгийн Сүмбэр сумын нутаг буюу Халх голд ажиллаад ирлээ. Тэднийг өнөөдөр  МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хүлээн авч уулзаж ярилцлаа. Мөн МУЗН болон “Юнармия”  хөдөлгөөнтэй  цаашид хүмүүнлэгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.


Эдгээр залуучууд Халх голд ажиллахдаа 10 булш олж, түүх дурсгалын зарим хөшөөг сэргээн засварласан байна.