Нүүр
| "Хүмүүнлэгийн Үйлсийг Манлайлагчид" хүндэтгэлийн арга хэмжээн дээр Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үг |
|
Эрхэм хүндэт Нигүүлсэнгүй үйлстнүүд, хүмүүнлэгийн элч, төлөөлөгч нар аа,
Олон Улсын Хүмүүнлэгийн хууль болсон Женевийн Конвенцийн 60, Монгол Улсад Улаан загалмайн байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ой тохиож буй 2009 оныг “Хүмүүнлэгийн аяны жил” болгон хүн хүндээ туслах, бусдыг энэрэн хайрлах, ядуу буурайгаа дэмжин тэтгэх, өсвөр хойч үеийнхэнд хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэхэд хамтран ажиллахыг орон даяар уриалсан МУЗН, түүний ажилтан, сонгуультан, гишүүд идэвхтэн, энэрэнгүй нинжин сэтгэлт ард түмний элч төлөөлөл болсон Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулинд эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цоглоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие санаачилж Засгийн газраас дэмжиж, УИХ-аар батлан хэрэгжүүлж байгаа “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д төрөөс хүмүүнлэгийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин тусалж, бодит ажил хэрэг болгохоор тунхагласан билээ.
Төрийн тэргүүний хувьд Олон улсын Хүмүүнлэгийн эрх зүйг хүндэтгэн сахих, дээдлэн хэрэгжүүлэх ажлын хүрээнд “МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай” хууль, “Донорын тухай” хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулж, “Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого”-ыг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, ахмад доноруудыг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах асуудлыг шийдвэрлүүлж, Улаан загалмайн залуучуудын уулзалтанд оролцож, Улаан загалмай нийгэмлэгтэй аль болохоор идэвхтэй хамтран ажиллахыг хичээж ирлээ.
Монголын Улаан загалмай нийгэмлэг нь хүн ардад эрүүл мэндийн анхны тусламжийн мэдлэг дадлага олгох, халамжийн үйлчилгээ үзүүлэх, цусны донорын эгнээг өргөтгөх, цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, гамшигт нэрвэгдэгсдэд яаралтай нөхөн сэргээх эд материалын болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх, хүүхэд залуучуудад нийгэмч, энэрэнгүй үзэл төлөвшүүлэххөдөлгөөнийг идэвхжүүлэх зэрэг олон чиглэлээр төрдөө нэмэлт хүч болон ажиллаж монгол орны нийгмийн амьдрал, хүний хөгжилдмэдэгдэхүйц хувь нэмэр оруулсаар байгааг Төрийн тэргүүний хувьд онцлон тэмдэглэж байна.
Дэлхийн улс гүрнүүд тэр дотроо ардчилал хөгжсөн орнуудад төр нь Улаан загалмайн нийгэмлэгтэйгээ ойр дотно хамтран ажиллаж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, хүмүүнлэгийн аливаа тусламжийн асуудлыг Үндэсний нийгэмлэгээрээ гүйцэтгүүлдэг, тэр байтугай төр нь ивээлдээ авч, хүмүүнлэгийн ажлын үр нөлөөг өндөрт тавьж хэвшсэн байна.
2000 онд Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан “МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай” хуульд Төр ба Улаан загалмайн хамтынажиллагааны талаар тодорхой заалт орсон боловч харамсалтай нь энэхүү заалт амьдралд тэр бүр хэрэгжиж хэвшээгүй өнөөхүрчээ. Иймд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан бусад орнуудын Үндэсний нийгэмлэгүүдийн төрийн байгууллагатайгаа хэрхэн харилцаж буй туршлагад тулгуурлаж, хөгжлийн шинэ үеийн онцлогтой нийцүүлэн уг хуулинд нэмэлтөөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна.
Өнөөдөр дэлхий даяар санхүү-эдийн засгийн хямрал гүнзгийрч, манай эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл нэмэгдэж байна.
Ийм эгзэгтэй цаг үед Монголын Улаан загалмай нийгэмлэг төр засаг, улс төрийн нам хүчнүүд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагууд, ард түмэндээ хандан хүмүүнлэгийн үйлсэд хүчин чармайлт гарган оролцох, зовж зүдэрсэн, амьдралд алдаж гишгэж яваа нэгнийхээ төлөө буяны цагаан сэтгэл гарган, энэрэл хайраар хандаж, хотол олноороо амар амгалан аж төрөх, эрүүл саруул таатай орчин бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах санаачилга, уриалга гаргасныг би Төрийнтэргүүний хувьд сайшаан дэмжиж байна.
Эрхэм хүндэт Энэрэнгүй үйлстнүүд ээ,
МУЗН-ийн санаачлан уриалсан энэхүү хүмүүнлэгийн аяны жилээс эхлэн хийвэл зохих, хийснээ улам бататгахад юуг анхаарах талаар Та бүхэнтэй хэдэн зүйлээр санал бодлоо хуваалцая.
Нэгдүгээрт. Өнөөдөр монголын нийгэмд хаа хаанаа анхаарч хойшлуулашгүй шийдэх ёстой асуудал бол нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, хүнд суртал, авлига, хээл хахууль мөн билээ. Энэ нь цаанаа манай нийгэмд хүмүүнлэг биш хандлага газар авсаны тодилрэл юм. Иймд төрийн бүх шатны байгууллагууд төрийн үйлчилгээг хүмүүнлэгийн ажилтай хослуулан явуулах, “Хүмүүнлэгийн хөтөлбөрийг” боловсруулж хэрэгжүүлж хэвшүүлэх нь зүйтэй.
Ийм хүмүүнлэгийн хөтөлбөр нь хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгмийг байгуулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаагхангах үйл ажиллагааны эхлэл суурь, хөшүүрэг болох ёстой. Төрийн хүмүүнлэгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг бүх шатны Улаанзагалмайн байгууллагуудтай хамтран гүйцэтгүүлж ажиллах нөхцөл бололцоо, удирдлага арга зүй, санхүүгийн бодитой дэмжлэгтуслалцаа үзүүлж ажиллах нь ядуурлын түвшин өндөр, хүн амын орлого хомс өнөөгийн нийгэмд илүү үр ашигтай, хүндээ хүрсэн үйлчилгээ болж, энэ нь бидний цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэж үзэж байна.
Хоёрдугаарт. Хүнлэг энэрэнгүй хүмүүжил, эх оронч үзэл бол өвөг дээдсээс уламжлагдан үеэс үед дамжин ирсэн үнэт монгол өвбилээ.
МУЗН, Хүүхэд залуучуудын Улаан загалмайн хөдөлгөөнийг өрнүүлж хүмүүнлэг тус, энэрэнгүй сэтгэлийн дэмийг урамшуулж,ерөнхий боловсролын сургуулиудад Өсвөрийн Улаан загалмайчдын бүлгэм, Их, дээд сургуулиудад Залуучуудын улаан загалмайн клуб байгуулан хүмүүнлэгийн үйлсийг өөрсдөөр нь хөтлүүлэн хөгжүүлэх арга зүйгээр хангаж, бодитой туслалцаа үзүүлж,идэвхжүүлж эрчимжүүлэх нь зүйтэй юм.
Гуравдугаарт. Найдвартай цус, цусан бүтээгдэхүүний зохих нөөцтэй байх нь Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгын нэг хэсэг байдаг билээ. Иймээс улс гүрэн бүр цусны нөөцийг бүрдүүлэхүйц тогтмол хугацаанд сайн дураараа, авлагагүйгээр цусаа бэлэглэгчдоноруудын армитай байдаг.
МУЗН донорын хөдөлгөөнийг өрнүүлэх, сурталчилах, алдаршуулах, урамшуулах ажлыг олон жил хариуцаж, Цусны төв, орон нутагдахь түүний салбарууд, цус хүлээн авах үүрэг гүйцэтгэдэг боловч хамтын ажиллагаа уялдаа холбоо хангалтгүй, тогтсон менежментэй болж чадахгүй байгаагаас цусны нөөцийн бүрдүүлэлт, өдөр тутмын хангамж чамлалттай явж ирснийг Эрүүл мэндийн яам, холбогдох бусад байгууллагууд анхааралдаа авч ойрын үед ахиц дэвшил гаргахыг үүрэг болгож байна.
Дөрөвдүгээрт. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гамшиг, гоц халдварт өвчин нь улс орны эдийн засаг, хувь хүмүүсийн амьдралдямар их хор уршиг тарьдгийг ямагт санаж, түүнээс сэргийлэх, олон түмнийг сэрэмжлүүлэх үйлсэд ихээхэн ач холбогдол өгөх хэрэгтэй.
Аливаа гамшгаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах нэгдмэл хамтын ажиллагааг хангаж, Онцгой байдлын газар, хэлтэс, Улаанзагалмайн байгууллагууд тухайн бүс нутагтаа тохирсон үйл ажиллагааны бодлого чиглэлийг хамтран боловсруулж, болзошгүйаюул, газар хөдлөлт, гал түймэр, шувууны ханиад зэрэг бий болж буй нөхцлөөс сэргийлэх ажлын агуулга хэлбэрийг боловсронгуй болгож, хүний аюулгүй байдлыг хангах асуудалд цаашид илүү анхаарах шаардлагатай болж байна. Аливаа гамшиг ослын үед ажиллах бэлэн байдлыг эрчимжүүлэх сайн арга бол анхны тусламжийн нөхөрлөлүүдийг бүх шатанд байгуулж, сургаж дадлагажуулж, аймаг, хот, улсын хэмжээний мэргэшүүлэх уралдаан тэмцээнийг тогтмолжуулах явдал юм.
Тавдугаарт. Хүмүүнлэгийн үйлсийг идэвхийлэн дэмжиж, улаан загалмайчидтай хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллага,сайн санаат хүмүүсийн тусламж дэмжлэгийг өргөжүүлэх нь хүндрэл бэрхшээлийг даван туулах хамгийн үр өгөөжтэй, дэлхийнийтэд хэвшин тогтсон түгээмэл хэлбэр юм. Хөгжсөн орнуудын туршлагаас харахад нийгэмд байр сууриа олсон томоохон бизнесийн байгууллагууд нь нийгмийн нэн эмзэг бүлэг болон хүний сайн сайхны төлөөх тусламж хандивыг Улаан загалмайгаараадамжуулан хүртээдэг, гэрээ хэлэлцээрийн шугамаар хамтран хэрэгжүүлдэг уламжлал тогтсон байна.
МУЗН-ийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжигч компани байгууллагуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж Говьсүмбэр аймгийн “Говь-Гео” хувьцаат компани аймгийнхаа Улаан загалмайн хороотой гэрээ байгуулж, санхүүгийн дэмжлэг тогтмол үзүүлдэг байна. Дулааны III, IV цахилгаан станц, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр зэрэг олон байгууллага, пүүс, компаниуд ган зуд, гал усны гашуун зовлонд нэрвэгдэгсдэд эд материалын болон мөнгөн тусламж үзүүлэх ажлыг тухайн аймаг, орон нутгийн УЗХ-тойгоо хамтран хэрэгжүүлдэг тухай сайхан мэдээ байна.
Ийм хүмүүнлэг үйлстэн байгууллага, хүмүүсийн үйл ажиллагааг дэмжин дэлгэрүүлж, эгнээг өргөжүүлэхийн төлөө улаан загалмайн байгууллагынхан өөрсдөө урд урьдынхаас илүү идэвх санаачилгатай ажиллах нь чухал гэдгийг тэмдэглэж хэлье.
Мөн манай улсад ажиллаж байгаа Элчин сайдын яамд, гадаадын хөрөнгө оруулагчид, пүүс компани, олон улсын байгууллагуудын төлөөлөл, амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах, хүүхэд залууст хүмүүнлэг үзлийг түгээн дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж буй буяны болон сайн дурын бүх хөдөлгөөнүүд хүмүүнлэгийн аянд хөл нийлүүлэн алхана гэдэгт эргэлзэхгүй байна.
Зургаадугаарт. Иргэний нийгмийн байгууллагууд хүний хөгжлийг хангах, хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэхэд томоохон үүрэгхүлээдэг болон төлөвшиж байна. Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны уулзах цэг нь чухам монгол хүн юм. Иймд иргэний нийгмийн байгууллагууд “Хүмүүнлэгийн аян”-ы жилд улам идэвх санаачилгатай ажиллаж, учирч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулахад мэргэшсэн улаан загалмайчидтай хамтран шинэ санал санаачилга, хөдөлгөөн өрнүүлэн ажиллана гэж найдаж байна.
Долоодугаарт. Хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэх, нийгмийн найрслыг бий болгоход хэвлэл мэдээллийн хэрэгсэл, манай сэтгүүлчдийн хүний сэтгэлд хүрсэн жинтэй бөгөөд үнэтэй үг чухал үүрэг гүйцэтгэх болно. Хүмүүнлэг нинжин сэтгэлтэй, хүнд буян хийж, өөрт буян тогтдог гэсэн үзэл ажил хэрэгч хүмүүс, тусч иргэд, малчин, сэхээтэн, аж ахуйн нэгж байгууллага нийгэмд шинээр төлөвшиж байна. Тэдгээрийг сурвалжлан сурталчилж, хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн байгуулга, хувь хүмүүсийн санал санаачилга, авууштай туршлагыг олны хүртээл болгох, хүн чанар, эв эеийг чухалчилсан нийтлэлийг эрхэм зорилгоо болгон ажиллахыг хэвлэл мэдээллийнбүх байгуулга, сэтгүүлч сурвалжлагч нартаа уриалж байна.
Наймдугаарт. Бидний өвөг дээдэс “Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас, тэвдэж явахад тэвнээр тусла”, “Дэм дэмэндээ дээс эрчиндээ”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” хэмээн сургасан. Иймээс тусч, нинжин сэтгэл, бусдыг энэрэн хайрлах үзэл болмонголчууд бидний язгуур ухаан ой тойнд шингэсэн байдаг.
Өнөөдөр энэ ховор нандин чанараа алдалгүй явж хамтдаа хүндрэл бэрхшээлийг туулж, мөн хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэг та бидэнд ногдож байна.
Миний дээр онцолж хэлсэн зүйлүүдийг “Хүмүүнлэг иргэн-хөгжлийн ирээдүй” уриан дор хэрэгжүүлбэл зохистой болов уу гэж үзэж байна. Тиймээс МУЗН-ийн хүмүүнлэгийн энэ чухал санаачилгыг дэмжиж хүн бүр энэ зүгт хүчин чармайлт гаргаж ажиллахыг энд оролцож байгаа та нөхдөөр дамжуулан нийт ард иргэддээ хандан уриалж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Comments (1)
![]() ... written by fasd, March 11, 2009
fasd fasdzvcfasd
Write comment
Copyright 2007. All Rights Reserved. |
| < Өмнөх | Дараахь > |
|---|




