| Б.Ичинхорлоо: Үнэнийг хэлдэг хүн л үнэтэй байдаг |
|
-Бүсгүйчүүдэд магтаал илүүднэ шүү. Тэд маань
өөрсдөө магтаал болоод төрчихсөн хүмүүс. Дэргэд нь байдаг, ойрхон амьдардаг,
хамт ажиллагсад нь тэднийхээ сайн сайхан, эрхэм чанаруудыг дандаа бүдгэрүүлж
хардаг. Бүсгүйчүүд угаасаа тэмцэгч шинж чанартай хүмүүс шүү дээ. Өвчин даахдаа
хүртэл эрчүүдээс илүү байдаг. Тиймээс тэднийг маань гоёх магтаал бараг илүүднэ.
-Тэгэхээр
яруу найрагч хүний хаанаас нь ийм сайхан үг гардаг байнаа. Сая гэхэд л бүсгүй
хүнийг санаанд оромгүйгээр сайхан магтлаа шүү дээ?
-Магадгүй
би монгол хэлийг маш сайн мэддэг байж болох юм. Хамгийн гол нь яруу найрагч
байна гэдэг өөрөө их тэнгэрлэг хувь тавилан юм, Яруу найрагч хүний амьдрал
бусадтай адил ч гэсэн хувь тавилан нь адилгүй. Бид чинь бурхнаас оноож өгсөн
хувь тавиланг гүйцэтгэж яваа хүмүүс. Бурхнаас хариуцлагатайгаар оноож өгсөн
үүрэг учраас бидэнд энэ ажлаа л хийхээс өөр арга олддоггүй. Бидний хийдэг ажил
үгийн сайхныг түүж, хүмүүсийн зүрх сэтгэлд шигтгээ шиг сайхан зүйлийг бүтээж
өгөх явдал юм. Тэгэхээр би энэ ажилдаа дуртай учраас балтай цэцгэн дээр суудаг
эрвээхэй шиг сайхан, үнэн үгэн дээр сууж явдаг хүн. Ер нь үнэнийг хэлдэг хүн
үнэтэй харагддаг шиг байна лээ. Миний үнэн үг хэлдэг болсон нь яруу найргийн ач
гавъяа юм шүү дээ.
-Таны
үгийн сан хэр арвижиж байна вэ?
-Монгол
хэл гэдэг орхигдож боломгүй, орчуулагдаж чадамгүй үг хэллэгтэй. Ялангуяа
Монгол яруу найргийг гадагш нь орчуулахад хэцүү. Би тийм хэлээр шүлэг бичдэг
болохоор гадагшаа харилцаа муутай яруу найрагч л даа. Би Монголоо гэсэн
сэтгэлийг магтан дуулдаг, дөвийлгөдөг. Мэдээж хэрэг амьдрал баян юм чинь үг
хэллэг төдий чинээ баялаг байгаа. Гэхдээ би язгуур үндсэн Монгол хэлнийхээ
гайхалтай сайхан үгнүүдийг хаана ч хаяж болохгүй гэдэг дээр бат зогсож ирсэн.
-Та
түрүүн амьдрал, хувь тавилан хоёрыг ялгаатай гэж ярилаа. Таныхаар амьдрал, хувь
тавилан хоёрыг хэрхэн ялгаж байна вэ?
-Амьдарна
гэдэг өөрөө их адар- маатай асуудал. Амьдрал зохионо, хүн шиг амьдарна гэдэг
хэцүү. Амьдарна гэдэг алалцахаас хэцүү гэж хуучны хөгшчүүл хэлдэг. Бид сайхан
амьдрахын тулд хаях ёстой зүйлээ хаяж, олох ёстой юмыг олоод амьдралыг
зохиодог. Харин хувь тавиланг зохиож болдоггүй. Түүнийг бурхан л оноож өгдөг.
Хүн хувь тавиланг сонгодоггүй юм.
-Мартын
8-н болох гэж байна. Энэ баярыг та хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Бүсгүйчүүдийн
баяртай миний төрсөн өдөр давхацдаг. Голдуу баярын өдөр болохоор энд тэндхийн
уулзалт цуглааныг хөтлөх гээд ажил ихтэй байдаг. Харин орой нь бүх ажлаа
дуусгаад гэр бүлийнхээ хүрээнд баярладаг. Олон жилийн турш мөрдөж ирсэн дүрэм
маань энэ. Гэхдээ 24 цагийн дотор ажил, баяр хоёроо зохицуулахад багаддаг.
Тэгсэн ч юмны бага нь амттай байдаг болохоор аль алинийг нь амжуулдаг даа.
-Яруу
найрагч Ц.Хулан та хоёр найргийн барилдаанд үзүүр, түрүү булаалддаг. Амьдрал
дээр ямархан найзууд вэ?
-Бид
амьдрал дээр амины найзууд. Анх бид хоёр тийм айхтар найзууд байгаагүй ээ. Бид
хоёрыг ялгах, зааглах асар олон зүйл байдаг ч яруу найраг гэдэг том гүүр бид
хоёрыг үргэлж уулзах цэг болдог. Бид хоёр дандаа яруу найргийн орчинд хамт
өнжиж, хаашаа ч бултах газаргүйгээр үргэлж нэг газар учирдаг. Тэгэхээр энэ
уулзалт болгон маань биднийг эгч дүүс болоход нөлөөлсөн. Бид нэг тэрэгний ард
сууж яваа найрагч бүсгүйчүүд.
-Шүлэг,
найраг таны хаанаас төрдөг вэ?
-Миний
зүрх сэтгэлээс төрдөг. Тэнгэрийн онгод миний найргийг хөглөдөг юм. Зүрх
сэтгэлээс төрсөн яруу сайхан бүхнийг, зүрх сэтгэлээс урсан гарсан нулимсыг би
хүмүүсийн өмнө дэлгэдэг. Түүгээрээ би их цадиггүй, өөрөө өөрийгөө хэнд ч
хамаагүй нээж чаддаг нээлттэй хүн. Харин миний энэ нээлттэй зан чанарт хүмүүс
дуртай байдаг. Надтай зовлон жаргалаа хуваалцах дуртай байдаг. Тэр нь миний
амьдрал болж байна даа.
-Сүүлийн
үеийн яруу найргийг чанаргүй болж байна гэх юм. Та нар яруу найргийн хамгийн
оргил үеийг тодорхойлсон юм биш үү?
-Манай
90-ээд оны яруу найраг онцгой л доо. Тэр үеийг манайхан мөнгөн үеийн яруу
найраг гэдэг. Энэ 90-ээд оны үеийн яруу найргийн давалгаан дунд олон
гайхамшигтай найрагчид төрсөн. Тэд маань одоо ч зохиол бүтээлээ туурвиад явж
байгаа. Хамгийн гол нь энэ үеийнхэн маань өөрсдийгөө рекламддаг хүмүүс биш.
Яруу найраг бичлээ гээд хүнд зарлаад байдаггүй. Уг нь зохиолчдын бүтээлийг
хүмүүс эрж хайдаг, ганц сайхан шүлгийнх нь төлөө хошууран дагадаг ёстой. Гэтэл
энэ цаг үетэй зохиолчдын араншин нийцэхгүй байна. Бидний хэн нь ч ганц шүлэг
биччихээд “Мандтугай би ийм шүлэг биччихлээ” гэж хашгирдаг “совесть”-гүй.
Харин энэ цаг үед хэн нэгний зохиосон шүлэг, аялгуугаар нэг дуу дуулчихаад
тэрийгээ олонд “миний бүтээл” гэж зарладаг хүн нь манддаг болж. Тэгэхээр өнөө
үе яруу найрагчдын араншинд нийцэхгүй байна. Тийм ч учраас сүүлийн үед хүмүүс
яруу найрагчдыг бүтээл хийхгүй байна гэж шүүмжлэх болсон.
Гэвч
энэ бол маш харалган шүүмжлэл. Яруу найрагчид маань гайхалтай бүтээлүүдээ
туурвиж байгаа нь үнэн! Гол нь тэд маань өөрсдийгөө рекламдахгүй болохоор юм
хийхгүй байгаа шиг харагддаг. Бидний амьдарч байгаа цаг үе өөрөө дуулиан
чимээнд дуртай цаг үе байна л даа. Гэтэл яруу найрагчид маань тийм ч их
дуулиан, шуугианд дургүй. Их дотогшоо улсууд. Хүний дотор руу, зүрх рүү нь
өнгийж, толгойг нь тогшдог хүмүүс. Одоо хүний нүдний өмнө эрээлжлээд л байвал юм
хийж байна гэж харагддаг болсон.
-Дууны
шүлэгт цаг заваа зориулах талаар бодож байв уу?
-Би
дууны шүлэг бичдэггүй. Бичихийг ч хүсдэггүй. Энд тэнд гарчихсан байгаа миний
шүлгүүдийг хүмүүс аваад дуулсан байдаг л даа. Мэдээж дуу болчихсон байгааг нь
сонсоход муухай санагддаггүй. Яг дууны шүлэг бичнэ дээ гээд цаг заваа зориулаад
суусан удаа байхгүй. Ер нь яруу найрагчдын шүлгийг аваад дуу болгож, дуулсан
хүмүүсийг бас буруутгах аргагүй. Тэд чинь амьдрах гэж л яваа хүмүүс шүү дээ.
Өөрсдөө шүлэг бичиж,чадахгүй хүмүүс чинь хүний шүлгийг аваад дуулахгүй яах вэ
дээ. Гол нь яруу найрагчид хэрвээ чаддаг бол дууны шүлгийг өөрчлөх хэрэгтэй.
Сүүлийн үеийн дууны шүлгийг сонсоод миний ой гутдаг. Нэг хэвийн уйтгартай шүлэг
бичдэг болсон байна. Гэтэл 60-аад оныхны дууны ая нь сайхан, үг нь ч үнэн
болсон байдаг.
Тийм
учраас урт настай, удаан жаргалтай дуунууд болжээ. Өнөөдрийн манай дуучдын
дуулж байгаа дуу гурван жил дуулагдаж байна уу, үгүй юү би сайн мэдэхгүй байна.
Цаг хугацаа ч өөрөө хурдацтай, ойворгон болжээ. Тэгэхээр ойворгон бүтээл гаргахгүйн
тулд яруу найрагчид бүтээл дээрээ нямбай ажиллах хэрэгтэй.
-Амьдарна
гэдэг хэцүү гэж та хэдэнтээ хэллээ. Харин таны амьдралын хаана нь хэцүү байв
аа?
-Амьдралын
хэцүү бүхнээс илүүтэй амьдралын сайхан юм гэж бий. Сайхныг нь бодоод амьдарвал
хэцүүг хурдан мартаж болдог. Хүн сайхан юмны төлөө тэмүүлэхдээ илүү хэцүү
зүйлийг даваад гарснаа өөрсдөө ч мэдэрдэггүй. Би тэгж л тэмүүлж амьдардаг.
Миний амьдралын хэцүү нь сайн хань, сайхан ээж байхын тулд дуртай орчноосоо
татгалзахад хүрэх явдал. Би хөгжөөнтэй орчинд, хөөрүү хүмүүсийн дунд байх
дуртай. Гэтэл үргэлж ийм байхаар амьдрал нурна биз дээ.
Дуртай
орчноосоо өөрийгөө салгаж, гэртээ түгжих нь заримдаа хэцүү санагддаг. Гэхдээ
энэ нь эцсийн бүлэгт эргээд аз жаргал болдог. Юугаар ч сольшгүй аз жаргалаа гэр
бүлээсээ олж авдаг юм шүү дээ. Тийм учраас хүн аз жаргал, баяр баясгалан руу
тэмүүлж явахдаа өөрийнхөө амьдралыг үүрч гарсан байдаг.
-Хоёулаа
яриагаа жаахан дурсамж руу хазайлгая. “Болор цом”-ын анхны наадам дээр гарч
ирж байснаа санаж байна уу. Улаан хацар будруулсан, цэнхэр торгон дээлтэй гээд
л таны тухай домог шиг яриа үлдсэн байдаг?
-Тэр
үед хамгийн гол нь залуу байсан нь сайхан юм даа. Хэн ч залуу насандаа иймэрхүү
амжилтад хүрч байгаагүй. 18-н настай байхдаа хотод ирж, тэмцээнд ороод
түрүүлнэ гэж огт бодоогүй явсан. Тухайн үед байгаа шүлгээ уншиж, шүлгүүд маань
хүмүүст таалагдсан учраас сэтгэл хангалуунаар яруу найрагч болж байлаа.
үнэндээ надад яруу найрагч болох зорилго байгаагүй.
-Тэр
наадамд уншсан тийм тэнгэрлэг, эрч хүчтэй шүлгийг хэрхэн тэрлэсэн нь сонин юм?
-Түүнийг
онгод л гэж хэлэх байх даа. Онгод орж бичсэн болохоор л хүмүүст хүрсэн байх.
Too бодож байгаа юм шиг шүлэг бичсэн бол амьд болохгүй л байсан болов уу.
-Түүнээс
хойш олон жилийг ардаа орхижээ. Одоо яруу найрагч маань ямаршуухан амьдарч
байна даа?
-Яруу
найрагч Ичинхорлоо бол гурван хүүхэдтэй айлын гэргий. Бага хүү маань хоёр ой
гарантай байна. Гурван хүүхэдтэй айлын эхнэр ямар байх ёстой , тэр зарчмаар л
амьдарч байна даа. Анх намайг хүмүүс яруу найрагчтай суух байх гэж ярьж
байсан. Гэтэл манай нөхөр эрчим хүчний чиглэлээр ажилладаг, утга зохиол, яруу
найргаас хол хүн шүү дээ. Цахилгааны инженер мэргэжилтэй. Бид хоёр их
сургуулиа төгсөөд л гал голомтоо бадраасан. Бид бие биенээ маш сайн ойлгодог.
Би нөхрөө их хайрлаж явдаг. Ханьтайгаа учирснаас хойш би эрчүүдийг хүндэлдэг
болсон. Эрчүүд бол айл гэрийг авч явах гол түшиг тулгуур, ноён нуруу, хийморь
юм шүү дээ
-Цаг
хугацаа өнгөрөх тусам та улам өнгө орох юм. Нууц нь юундаа байна вэ?
-Би
уг нь муу зүйл бодож өөрийгөө зовоодоггүй. Сайн, сайхан явна гэдэг дотоод
сэтгэлийнх болов уу. Ер нь тэгээд зөв санаатай явбал хэнд ч сайхан харагддаг
байх. Гэхдээ би хааяа зарим нэг найз нөхөддөө муухай харагддаг байх. Учир нь
найз нөхөд маань надад “Чи яруу найрагч байж гэртээ их бүгэж байна” гэдэг.
Гэтэл энэ нь надад таалагдаж байгаа болохоор би яах вэ дээ. Ингэж зөрүүдэлсэн
үедээ муухай л харагддаг байх.
-Тэгэхээр
бүсгүй хүний нуруун дээр тэнгэрийн тал багтдаг гэдэг. Таны нуруун дээр хэдий
хэр ачаа байгаа бол?
-Ямар
ч ачаа байсан гудайхгүй юм шүү гэж боддог. Бурхан хүний даах ачааг нь л
үүрүүлдэг гэдэг мухар сүсэгт итгэж явдаг. Даахгүй ачааг бурхан өгдөггүй. Хэдий
хэр ачаа үүрэх чадалтай байна тэр чинээгээр ачаа үүрүүлдэг. Намайг зоригтой
байхад энэ үг нөлөөлдөг юм. Тэгэхээр бурхан надад даах ачааг л үүрүүлэх байх.
-Таны
нэг өдөр хэрхэн өнгөрдөг нь сонин байна?
-Манай хүүхэд жаран чавганцынхаа ажлыг хийж,
би жаран нэгэн чавганцынхаа ажлыг хийгээд л байж байна. Хүү маань тараагаад л
би хураагаад л. Хааяа найз нөхөдтэйгээ уулзаж, ганц нэг вино мултлана шүү. Заримдаа
уран бүтээлийн цэнгүүн хөтлөнө. Үзвэр үзэсгэлэн, жүжиг үзнэ. Ер нь урлагийн
талын хоббитой доо. Comments (2)
![]() ...
written by анхны хүн, June 02, 2008 их сайн яридцдага болжээ. Хүмүүнлэг гэсэн сэдвээр хүмүүстэй ярилцах хэрэгтэй юм байна. Баярлалаа ... written by Burenee, September 03, 2010
Taalagdaj bna. Iim gegeeleg yaria sonosoh saihan bna
Write comment
Copyright 2007. All Rights Reserved. |
| < Өмнөх | Дараахь > |
|---|





их сайн яридцдага болжээ. Хүмүүнлэг гэсэн сэдвээр хүмүүстэй ярилцах хэрэгтэй юм байна. Баярлалаа
