Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр

Фонт: + -
2014-10-28


Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр

Үйл ажиллагаа: Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр нь нийгэм, олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг нийгэмлэгийн бусад хөтөлбөрүүд, төслүүдийн техник арга зүйн болон санхүүгийн хувьд дэмжигч олон улсын байгууллагууд , үндэсний нийгэмлэгүүдийн дэмжлэг, дотоодын төрийн болон төрийн бус холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаан дээр үндэслэн явуулдаг.

Хөтөлбөрийн чиглэлүүд:

Дараахь  үндсэн чиглэлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Үүнд:

- Анхны тусламжийн сургалт. Анхны тусламжийн нөхөрлөлүүд байгуулж, олон нийтэд анхны тусламжийн мэдлэг ойлголт олгох хэрэгцээг сурталчлах;

- Цусны донорын чиглэлээр.  Цусны донорын сургалт,  сурталчилгааг явуулах үүргийг Монгол Улсын донорын тухай хуулиар хүлээсэн тул донорын цусны хэрэгцээ,ач холбогдлын талаар нийгэм,  олон нийтэд сурталчлан таниулах , шинээр цусны донорын эгнээг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах;

- Халдварт бус өвчлөл. Зонхилон тохиолдох халдварын бус өвчлөл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар болон эрсдэлт хүчин зүйлсийн талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл өгөх,сурталчлан таниулахад  бусад эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх;

- Амьсгалын замын цочмог өвчлөл болон бусад гоц халдварт өвчнүүдийн цар тахал дэгдэлтийн үед ЭМСЯ болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэн тэргүүлэх байр суурьтай ажиллах;

- Зам тээврийн болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх. Хүн амын дунд нас баралт, эндэгдлийн тоогоор  чимээгүй гамшгийн хэмжээнд тооцогддог зам тээврийн ослыг бууруулахад нийгэм,  олон нийтэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр Замын цагдаагийн газар болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах;

- Ус эрүүл ахуйн чиглэлээр. Усны эрүүл ахуй , усаар дамжих халдвар , зөв хэрэглээ , ариун цэврийн байгууламжийн талаар ажиллах ;

- БЗДХ/ХДХВ/ДОХ , сүрьеэ өвчинтэй тэмцэх чиглэлээр урьдчилан сэргийлэх талаар болон эрсдэлт хүчин зүйлсийн талаар олон нийтэд мэдлэг мэдээлэл өгөх,сурталчлан таниулахад  бусад эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх;

Дээрх  чиглэлүүдээс гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Засгийн газрын байгууллагуудаас зарладаг эрүүл мэндийн кампанит ажлуудыг үндэсний нийгэмлэгийн хэмжээнд зохион байгуулж оролцдог.

 

Хэрэгжүүлж буй төслүүд:

 

  • Олон нийтэд тулгуурласан эрүүл мэнд анхны тусламж төслийг  Финляндийн Засгийн газар , Финляндийн Улаан загалмайн санхүүжилттэй 2016 он хүртэл хэрэгжүүлж байна. Эрүүл мэнд анхны тусламж болон халдварт  бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах чиглэлээр нийслэлийн Баянзүрх , Сонгинохайрхан , Чингэлтэй дүүргүүдэд  хэрэгжүүлж  байна. Жилд дунджаар   50000 орчим хүнд хүрч ажилладаг.
  • Залуучууд, хөдөлгөөнт хүн ам , зорилтот бүлгийн хүмүүсийг  БЗДХ/ХДХВ-ээс урьдчлан сэргийлэх төслийг  Люксембургийн Их гүнт улсын Засгийн газар , НҮБ-ийн Хүн амын сангаас  санхүүжилт болон техникийн дэмжлэг авдаг .  Мөн БНХАУ , Монгол Улсын хамтарсан төсөл  Дорноговь , Дорнод , Өмнөговь , Ховд аймгуудад 2017 он хүртэл хэрэгжих юм.   Жилд 25000 орчим хүнд хүрч ажиллаж байна.

Анхны тусламж , Халдварын бус өвчин , Ус эрүүл ахуй , Амьсгалын замын цочмог халдвар , Сүрьеэ , БЗДХ/ХДХВ , Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх гэх мэт сургалтуудыг бүх ажилтан,   сайн дурын идэвхтнүүддээ  тогтмол хийдэг. Жилд энэхүү сургалтад  5000 орчим хүнд хамрагдаж байна.

Олон нийтэд чиглэсэн  анхны тусламжийн сертификат олгох олон төрлийн багц сургалтуудыг   зохион байгуулдаг.Мөн халдварын бус өвчний эрсдлийг бууруулах чиглэлээр байгууллага хамт олонд мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Жилд 200 орчим хүнд төлбөртэй сургалт хийдэг.

Хөтөлбөр нь МУЗН-ийн хамтран ажиллагч бусад үндэсний нийгэмлэгүүд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага , НҮБ-ийн хүн амын болон хүүхдийн сан, Эрүүл мэнд, спортын яам,  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Цус сэлбэлт судлалын үндэсний төв,  Халдварт өвчин судлалын үндэсний төв,   Замын цагдаагийн газар , “Авто радио”- 96,3 гэх мэт байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай байдаг.